Жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд “Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн түүхтэй. 2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсний дагуу Орхон аймаг найм дахь жилдээ энэхүү түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Жил бүрийн “Эрдэнэ хотын болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр” онцгой үйл явдлаар дүүрэн бүх нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ нь иргэдэд ихээхэн хүлээлт үүсгэдэг билээ. Өнгөрсөн жил Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч, улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид шилмэл уран бүтээлийн дээжсээсээ Эрдэнэт хотын иргэдэд толилуулж байв.
Энэ жил улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Сэтгэлд хоногшсон дуунууд” Орхон аймаг, Эрдэнэт хотод эл өдөр эгшиглэнэ. Мөн энэ өдөр Эрдэнэт хотын “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол -“Эрдэнэтийн цагаан шөнө” үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл хангаж байна.
Аймаг орон нутгийн хүндтэй шагнал болох “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ийг энэ өдөр өргөмжилдөг уламжлалтай. Энэ жилийн “Эрдэнэт хотын өдөр Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-өөр Монгол Улсын Гавьяат хуульч Сандагийн Цэгмэд, “Шинэ мэдээ” сонины эрхлэгч Журайн Оюун, УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Ёндонгийн Баярсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Энхбаярын Содномпилжээ нарт “Эрдэнэт хотын хүндэт” иргэн шагналыг нь гардуулна.
“Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийн арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна.
2024 оны 12 дугаар сарын 09-нд
- 14.00-16.00 -“Хөх төрийн бэрс” түүхэн жүжиг- Анхдагч, Илгээлтийн эзэд, ахмадуудад зориулсан тоглолт /Хүүхэд, залуучуудын театр/
2024 оны 12 дугаар сарын 10-нд
- 10.00-19.00 - “Монгол зэс” зэсэн эдлэлийн үзэсгэлэн худалдаа (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт)
- 11.40-13.40 -“Есөн эрдэнийн хурим” үлгэр жишээ гэр бүлүүдийн гэрлэх ёслолын арга хэмжээ (Хуримын ордонд)
- 12.00-16.00 - Анхдагчдын холбоодын урлагийн бага наадам (Залуучуудын ордонд)
- 15.00-16.00 - Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол, “Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд дэмжлэгт хамрагдсан албан хаагчдад батламж гардуулах үйл ажиллагаа (А.Амар сайдын нэрэмжит танхимд)
- 18.00-21.00 -“Эрдэнэт хотын болон Анхдагч, Илгээлтийн эздийн өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаан (Биеийн тамир, спортын газрын “Б” зааланд)
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
- 08.00-08.40 - Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид “Эрдэнэт хотын сүлд дуу” сэдвээр ЕБС-ийн багш нартай хамтран хичээл заах (Ерөнхий боловсролын сургуулиудад)
- 09.30-11.00- Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар баригдсан 30 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа (Жаргалант суманд)
- 10.00-18.00 - Аймгийн Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
- 10.00-19.00 - “Монгол зэс” зэсэн эдлэлийн үзэсгэлэн худалдаа (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт)
- 11.30-11.50 - Цэцэг өргөх ёслол (Анхдагч, илгээлтийн эздийн хөшөөнд)
- 12.00-15.00 - Баярын хурал, хүндэтгэлийн концерт /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт/
- 18.00, 20.00 - Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборт)
- 19.30-23.00 Эрдэнэт хотын “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол -“Эрдэнэтийн цагаан шөнө” үдшийн цэнгүүн (А.Амарын талбайд)
0 сэтгэгдэл