Өнгөрсөн даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр 2А хороололд баригдах ерөнхий боловсролын сургуулийн газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг даалгаврыг өгсөн. Уг асуудлыг өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр мөн хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард Орхон аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр хэд хэдэн асууудал шийдсэн. Тэдгээрийн нэг нь шинээр бий болж буй суурьшлын бүс Оюут баг, 2Ахороололд 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг барихаар шийдвэрлэж төсвийг улсын төсөвт тусгасан.
Газрын асуудлаар газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хийсэн. Хоёр аж ахуйн нэгжид нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль барихад зориулж эзэмшил газраасаа хэсэгчлэн газар гаргахад хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээллээ.
Мөн “Номин констракшн” ХХК зөвшөөрч, “Рапидхарш” ХХК зөвшөөрөхгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.
Уг асуудалтай холбоотойгоор өнөөдрийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын орлогч М.Түмэнжаргал энэ долоо хоногт багтаан шийдэлд хүрэхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилга захилагчийн алба болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
2А хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг "Скайланд" ХХК нь гэрээ байгуулан боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөнд нийгмийн дэд бүтэц болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 1.3 га газрыг төлөвлөн тусгасан.
0 сэтгэгдэл