Дарга гэхээр л ажилчдаа загнадаг, ууртай, их зантай гэж боддог хүмүүс нэлээдгүй байдаг. Тэрхүү бодлыг халж, сумынхаа 100 жилээр хип хоп үглэж олны магтаалыг хүртсэн Булган аймгийн Бугат сумын засаг дарга Х.Ууганбаяртай ярилцлаа. Түүний хувьд "Дарга гэхээр л хөмсгөө зангидсан, ууртай, төв царайтай гэдэг үзэл бодолтой санал нийлдэггүй. Олон түмэнтэйгээ, өөрийнхөөрөө байж бүтээмжтэй амьдрахыг дарга гэдэг шүү дээ" хэмээн ярьж байлаа.
-Та хэд дэх жилдээ засаг даргаар ажиллаж байгаа вэ?
-Одоо би Булган аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Булган аймгийн Бугат сумын засаг даргаар ажлыг найм дах жилдээ ажиллаж байна.
-Сумынхаа 100 жил дээр дуулсан бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж олон хүнд хүрсэн. Энэ талаараа?
-Сумын 100 жилийн ойгоо хийх гэж маш том ажлууд хийгдсэн. Тэгээд ирсэн зочид гийчид, сумын ард иргэдээ бүгдийг нь таатай сайхан сэтгэлд хүргэхээр ойгоо хийхийн тулд сум орон нутгаараа эрвийх дэрвийхээрээ ажилласан. Хамгийн гол нь зөв цэгцтэй, зохион байгуулалттай, хоггүй, ариун цэврийн асуудалгүй, үзэх үзүүлбэр, гэнэтийн бэлэг ихтэй баяр наадам болгохыг зорьсон.
Миний хувьд оройны шоу арга хэмжээн дээр манайхан бүгд сэтгэл хөдөлчихсөн сайхан баярлаад байж байхдаа тайзан дээр хөтлөгч дуудаад мэндчилгээ дэвшүүлэхээр урьсан. Ингээд ард иргэдийнхээ урд гарч дуулсан байдаг. Манай сум орон нутгийн, ер нь тэнд байсан бүх хүмүүс “Дахиулъя” гээд их дэмжсэн. Тухайн үед дуулж байсан бичлэгийг цахим орчинд цацчихсан байсан. Их гэгээдлэг, сайхан үйл явдал болж өнгөрсөн дөө. Намайг дэмжиж, урмын үг маш ихээр ирсэн. Та бүгдэд талархлаа гэж хэлмээр байна.
-Урлагт их авьяастай харагдсан. Багадаа тэмцээн уралдаанд их оролцож байв уу?
-Хүүхэд насандаа, сургуульд сурч байхдаа бас оюутан байхдаа бүхий л чиглэлийн сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнд оролцоод явдаг нийгэмд их идэвхтэй хүүхэд байсан. Мөн хүүхэд байхдаа усан спорт, олон улсын таеквандогоор хичээллэдэг байсан. Дуу, бүжиг урлагийн зүйлд ч мөн их дуртай байсан.
-Дарга хүн гэхээр л төв царайлсан, их ууртай хүнээр төсөөлдөг шүү дээ. Та энэ үзэл санаатай санал нийлдэг үү?
-Дарга гэхээр л ууртай, төв царайтай байдаг гэдэг дээр санал огт нийлдэггүй. Миний хувьд бол ард иргэдийнхээ дунд цуг байхыг л хүсдэг. Сонгууль болохоор л ард иргэдээсээ намайг дэмжээрэй ахаа, эгчээ, найзаа, дүү минь гээд явдаг хэр нь гарсныхаа дараа би л нэг дарга гэсэн царайтай байгаад байвал ажил төрөл ч явахгүй, эргээд ард иргэдийнхээ итгэлийг алдана. Тийм болохоор энэ үзэлтэй бол санал нийлдэггүй.
-Одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжлээсээ гадна чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарах юм бол аль болох гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Гэхдээ ер нь зав гардаггүй. Учир нь хот хүрээ, Булган аймаг руу төсөл хөтөлбөр, ажлынхаа талаар хөөцөлдөлгөө ихтэй байдаг. Сум орон нутагтаа төсөв, хөрөнгө оруулалт шинээр соёлыг төв, сургууль, цэцэрлэг өөр бусад зүйлээр хөрөнгө оруулалт талаар л хөөцөлдөж гүйдэг дээ.
-Залуу хүний хувьд сумынхаа хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Манай сум 1911 оны хувьсгалыг гардан зохион байгуулж явж байсан Чин ван Ханддоржийн төрсөн нутаг. Манай суманд хан жаргалант хэмээх хайрхан байдаг. Түүний өмнө төрж байсан. Одоо болтол гэрийнх нь бууц, гэрэлт хөшөө нь байдаг. Дээрээс нь Агданбуугийн Амар гээд Монгол Улсын сайдыг хоёр удаа хийж байсан сайдын төрсөн нутаг.
Бугат сум минь байгалийн үзэсгэлэн тогтсон маш гайхалтай газар байдаг. Тэр ч утгаараа миний хувьд сумаа сүүлийн үеийн аялал жуулчлалын цогцолбор бүрдэх бүрэн боломжтой гэж хардаг. Цаашлаад гадна, дотнын жуулчдыг авчирч байгалийн үзэсгэлэн болон одоогийн байгаа малчдынхаа монгол ахуйг сурталчилах бүрэн боломжтой сайхан газар гэж боддог. Мэдээж мал ахуй чиглэлээр малчид сум орон нутгийнхаа эдийн засагт маш их өгөөж өгдөг. Мөн газар тариалангийн тодорхой хэмжээний аж ахуй байдаг. Тийм болохоор сум орон нутгаа их гэгээлгээр харж, хөгжил дэвшилтэй байгаасай гэж хүсдэг дээ.
-Гэр бүлийнхэн нь энэ их ажлын хажуугаар хэрхэн дэмждэг вэ?
-Эхнэр минь миний хамгийн найдвартай ар тал болж өгдөг. Бүхий л зүйлсэд минь тусалдаг. Бас би гурван хүүхэдтэй. Том охин минь бүжиглэдэг. Хоёр хүүтэй. Гэр бүлийнхэндээ бол их нээлттэй, чөлөөтэй байхыг хүсдэг. Аавын үүргийг гүйцэтгэх гэж хичээдэг. Заримдаа их ажлаас болоод чаддаггүй. Тийм болохоор завгүй ажлыг минь ойлгодог гэрийнхэндээ маш их баярладаг. Хоёр ээждээ, аавдаа, бүх ах дүү нартаа, бүх монголчууддаа маш их баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж.Eguur.mn
0 сэтгэгдэл