Энэ оны 6 сарын 28-нд УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль болно. Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд 1992 оноос хойш тасралтгүй УИХ-ын 8 удаагийн сонгуулийг зохион байгуулахад оролцохдоо Хэсгийн хороо, Сумын сонгуулийн хороо, Аймгийн сонгуулийн хороодод ажилласан байна. Тэрээр 2012, 2024 онд УИХ-ын сонгуулийн Орхон аймгийн сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллах үүрэг хүлээжээ Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Ганболдтой уулзаж УИХ-ын ээлжит сонгуулийн угтал ажлуудын талаар ярилцлаа.
Орхон аймгийн болон сумдын Сонгуулийн хороод хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн Сонгуулийн хороо, нийслэлийн Сонгуулийн хороог Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо байгуулдаг. Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороод хуулийн хугацаандаа байгуулагдсан.
Орхон аймгийн хувьд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт хамаарагдаж байна. Энэ нь Орхон, Булган, Хөвсгөл аймгийг хамарсан, 8 мандаттай томсгосон тойрог юм. Орхон аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Манай Сонгуулийн хороо хуулийн хугацаанд Баян-Өндөр, Жаргалант сумдын Сонгуулийн хороодыг мөн байгуулсан. Хоёр сумын Сонгуулийн хороо тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад үйл ажиллагаагаа эхэлсэн.
-Аймаг, сумын Сонгуулийн хороонд ямар ажил, албан тушаалын хүмүүс ажиллах вэ?
-Сонгуулийн бүх шатны хороодод хуулийн дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид томилогдон ажилладаг. Тэд сонгуулийн хууль, тогтоомжийн дагуу цахим сургалтад хамрагдаж шалгалт өгөөд, босго оноогоо давж, гэрчилгээ авсны дараа Сонгуулийн хороонд ажиллах эрх үүсдэг.
-Хэсгийн хороод хэзээ байгуулагдаж, ямар бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?
-Сумын сонгуулийн хороо 5 сарын 14-ний дотор Хэсгийн хороодыг байгуулна. Нэг хэсгийн хороонд 9 төрийн албан хаагч ажиллана. Орхон аймагт нийт 48 хэсгийн хороо ажиллах юм. Тодруулбал, Жаргалант суманд 3 хэсгийн хороо, Баян-Өндөр суманд 45 хэсгийн хороо ажиллана. Хэсгийн хороонд ажиллах албан хаагчид хуулиа судалж, шалгалт өгөх үйл явц одоо үргэлжилж байна.
-Хэсгийн хороодыг сонгогчийн тооноос хамааран байгуулдаг уу?
-“Хэсэг нь суманд 2000-аас дээшгүй, аймгийн төв болон дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байх бөгөөд нэг хэсэгт байх сонгогчийн тоо 200-аас доошгүй байна” гэж хуулинд заасан. Сонгуулийн хэсгийг сумдын ИТХ 2024 оны 3 сарын 1-нээс өмнө байгуулсан. Энэ хэсгүүдэд түшиглээд УИХ-ын сонгууль зохион байгуулах Хэсгийн хороод байгуулагдаж байна.
-УИХ-ын 4-р тойрог хэдэн сонгогчтой вэ?
-Дөрөвдүгээр тойрогт хамаарах Хөвсгөл аймаг 88 мянга, Булган аймаг 40 мянга, Орхон аймаг 71 мянган сонгогчтой байна.
Монгол улс энэ жил анх удаа томсгосон тойргоор сонгууль зохион байгуулж, анх удаа УИХ-ын 126 гишүүн сонгоно. Тиймээс “Монгол Улсын Их Хурлын тухай” хуульд өмнөх хуульд байгаагүй шинэ, онцлог заалтууд тусгагдсан байна. Жишээ нь, “Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна” гэж заасан байна.
Чухам яаж хариуцна гэсэн үг вэ?
-Энэ нь тойрог томсгосонтой холбоотой шинэ зохион байгуулалт юм. Тухайн тойрогт багтаж байгаа аймгууд дотроос хамгийн олон сонгогчтой аймаг нь тойргийн төв байна гэж хуульд заасан. Гэхдээ аймаг бүр Сонгуулийн хороотой. Тэр сонгуулийн хороод өөр өөрийн нутаг дэвсгэрт хуулийн хүрээнд сонгуулийн үе шатны ажлуудаа зохион байгуулна. Харин сонгуулийн нэгдсэн дүн 4-р тойргийн төв Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороон дээр гарна. Энэ утгаар нь, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд Орхон, Булган аймгийн Сонгуулийн хорооны дарга нар орж ажиллах юм.
Сонгуулийн тухай хуульд зааснаар аймгуудын Сонгуулийн хороог Засаг даргын Тамгын газрын дарга нар ахлан ажиллана. Сумдын Сонгуулийн хороог мөн тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга ахлан ажиллахаар хуульчилсан.
-УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн өөр ямар шинэлэг заалтууд хэрэгжиж эхлээд байна вэ?
-Сонгуулийн томсгосон тойрог 4 хүртэлх аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байна. Сонгуулийн тойрог томсгосонтой холбоотой мандатын тоо ч нэмэгдсэн. Манай 4-р тойрог 8 мандаттай. Мөн 126 гишүүний 48 нь нам, эвслийн авсан саналын дагуу жагсаалтаар сонгогдоно. Үлдсэн 78 гишүүн саналын хуудсанд нэр нь бичигдэж, ард иргэдийн өгсөн саналын тоогоор сонгогдох юм. Энэ сонгуулийн бас нэг онцлог гэвэл, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу өмнөх сонгуульд ашиглаж байсан санал тоолох төхөөрөмжийг ашиглахаас гадна саналын хуудсуудыг бүх хэсгийн хороонд гараар давхар тоолно. Энэ үед нам, эвслийн ажиглагч, сонгогчдын төлөөллийг байлцуулан нээлттэй тоолох юм. Энэ жил олон нэр дэвшигчээс олон хүн сонгох учраас иргэд санал өгөх үйл явц болон санал тоолоход хугацаа орно. Сонгогч нам, эвслийн төлөө болон өөрийн сонгох 8 нэр дэвшигчийн төлөө саналаа илэрхийлэх юм.
-Сонгогч 8-аас илүү, эсвэл дутуу хүн сонговол яах вэ?
-Ийм саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаана. Манай 4-р тойрог 8 мандаттай учраас нэр дэвшигчдээс 8 хүн л сонгоно гэсэн үг. Түүнчлэн сонгогч нэг удаа саналын хуудас дахин авч саналаа өгөх эрхтэй.Тийм учраас сонгогчид санал өгөхдөө эхлээд саналын хуудастай маш сайн танилцаж, зааварчилгааг уншиж тунгаагаад, мандатын тоонд тааруулан зөв сонголт хийх шаардлагатай болж байна.
-Энэ жилийн УИХ-ын сонгуульд 25 нам, эвсэл оролцох нь. Тэгэхээр саналын хуудсанд олон нам, эвсэл, бас олон хүний нэр жагсах нээ...
-Манай тойрог дээр гэхэд нэг нам, эвслээс хамгийн дээд тал нь 8 хүний нэр дэвшүүлнэ. Гэхдээ нам эвсэл бүр яг 8 биш, зарим нь түүнээс доош тоогоор дэвшүүлэх л байх. Тиймээс энэ жилийн сонгуулийн саналын хуудас урт байж таарах нь. Энэ бас нэг онцлог юм даа. Жилээс жилд сонгогчдын тоо өсч байгаа. Энэ сонгуулийн бас нэг онцлог нь, сонгогчид санал өгсөний дараах тэмдэглэгээ илүү боловсронгуй байдлаар хийгдэнэ.
-Сонгогч мэдлэг, мэдээлэлтэй байж зөв сонголт хийнэ. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг орон нутгийн Сонгуулийн хороод хариуцах уу?
-Сонгогчдын боловсролд анхаарал хандуулдаг олон байгууллага бий. Энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд бий. СЕХ, аймаг, нийслэл, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо энэ ажлыг хариуцна. Сонгогчдын боловсролын чиглэлээр сургалт эрхэлдэг байгууллагууд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гээд олон байгууллага бий. Тэдгээр байгууллагууд сонгуулийн хууль, тогтоомжийг сурталчлах, хамгийн гол нь сонгогчдыг мэдээллээр хангахад анхаарах үүрэгтэй. Манай аймагт Хэвлэл мэдээллийн байгууллагууд орон нутгийн Сонгуулийн хороотой хамтран ажиллаж, иргэдийг мэдээллээр хангаж ирсэн арвин туршлагатай. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээллүүдийг СЕХ-ноос ирүүлдэг. Тэдгээрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сонгогчдод хүргэнэ.
Ж.ОЮУН
0 сэтгэгдэл