Үндсэн агуулга руу шилжих
Даваа гариг 2026.10.19 Орхон -6° · -12°/-5° Бага зэргийн цас USD 3596.30₮▲ EUR 4041.88₮▲ CNY 537.81₮▲ RUB 42.94₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

ОРХОН АЙМАГТ ХАЛААЛТЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ИРГЭД ӨВӨЛ БҮР ХҮЙТЭН ОРОН СУУЦАНД АМЬДАРСААР БАЙХ УУ?

Орхон аймгийн зарим орон сууцны халаалт хангалтгүй хэвээр.

ОРХОН АЙМАГТ ХАЛААЛТЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ, ИРГЭД ӨВӨЛ БҮР ХҮЙТЭН ОРОН СУУЦАНД АМЬДАРСААР БАЙХ УУ?

Орхон аймгийн зарим орон сууцны халаалт хангалтгүй хэвээр. Харин асуудлыг шийдвэрлэх ёстой байгууллагууд шалтгаанаа тогтоож, бодит арга хэмжээ авахын оронд хариуцлагаа бие бие рүүгээ шилжүүлсээр байна. Үйлчилгээний чанар сайжраагүй ч дулаан, цахилгааны төлбөр нэмэгдсэн. Халаалттай холбоотой гомдол иргэдийн дунд шинэ асуудал биш. Тэд “Эрдэнэт зар” зэрэг цахим хуудаснуудад, аймгийн гомдол хүлээн авах утас, тэр байтугай аймгийн Засаг даргын хувь чатад хүртэл удаа дараа хандаж иржээ. Гэвч олон жил давтагдсан асуудал өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байгаа нь хариуцсан байгууллагуудын ажлын үр дүн, хяналт, уялдаа холбоонд асуулт тавихад хүргэж байна. Дулааны станц дулаан үйлдвэрлэж, “Эрдэнэт ус, ДТС” дулааныг хэрэглэгчдэд дамжуулдаг. Гэтэл зарим байрны халаалт хангалтгүй байгаа шалтгааныг тогтоохын оронд байгууллагууд харилцан өөрсдийн хариуцлагаас зайлсхийж бие бие рүүгээ буруугаа тохож хариуцлагаас зугтсаар олон жилийн нүүрийг үзэж байна.

Үйлдвэрлэлийн тал дулаанаа гаднах агаарын температурт тохируулан өгч байгаа бөгөөд асуудал нь дамжуулах шугам, байрны дотоод тохируулгатай холбоотой байж болзошгүй гэж тайлбарладаг. Харин дамжуулагч байгууллагын зүгээс асуудлыг дулаан үйлдвэрлэлийн талтай холбон үздэг. Тэгвэл бодит шалтгаан нь яг юу вэ? Аль байгууллага ямар хариуцлага хүлээх ёстой вэ? Энэ асуултад тодорхой хариулт өгөх, хэмжилт судалгаа хийж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх үүрэг хэнд байна вэ?

 

Баянцагаан багаас эхлээд зарим орон сууцанд хоёр жил дараалан халаалт хангалтгүй байгаа тухай мэдээлэл бий. Иргэд өвлийн хүйтэнд гэр орондоо дулаан амьдрах наад захын нөхцөлөө бүрэн эдэлж чадахгүй байхад хариуцсан байгууллагуудын маргаан үргэлжилсээр байх нь хүлээн зөвшөөрөх асуудал биш. Өмнө нь халаалт хангалтгүй байгаа байр, хэсгүүдэд судалгаа хийж, шалтгааныг тогтоон, шаардлагатай бол зураг төсөв боловсруулах үүрэг өгсөн ч ажил хэрэг болоогүй. Хэрэв энэ ажил хийгдсэн бол асуудлын цар хүрээг тодорхойлж, засвар, шинэчлэл, тохируулгын ажлыг төлөвлөх боломж бүрдэх байв. Харин үүрэг даалгаврын биелэлт, судалгааны дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байна. Иргэд төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй бол үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ч гэрээ, стандартын дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Төлбөрийн хугацаа хэтэрвэл алданги тооцдог хэрнээ халаалт доголдсон үед асуудлыг хэдий хугацаанд шийдвэрлэх, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хэвээр байж болохгүй. Халаалтгүй байгаа айл өрхүүдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагуудын тайлбар бус, бодит үр дүн хэрэгтэй байна. Үүнд газар дээр нь үзлэг, хэмжилт хийх, шалтгааныг албан ёсоор тогтоох, хариуцах байгууллага болон засварын хугацааг тодорхой болгох, ажлын явцыг иргэдэд нээлттэй мэдээлэх шаардлагатай. Өвөл бүр давтагддаг энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Иргэд дараагийн өвлийг ч мөн адил хүйтэн сууцанд өнгөрүүлэх үү, эсвэл хариуцсан байгууллагууд энэ удаа бодит шийдэл гаргаж ажиллах уу?

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
5.0 / 5 · 1 үнэлгээ

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл