VI хорооллын баруун уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэх шав тавьлаа.
Орон нутгийн төсвийн 13,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх тус авто зам нь нийт 1,9 километр урттай. Нүхэн гарц, ус зайлуулах суваг, дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтайгаас гадна 80 авто машины зогсоолыг шийдсэн цогц хөрөнгө оруулалтын ажил юм.
Энэхүү улсын чанартай авто замыг өргөтгөн, шинэчилсэнээр авто машины урсгал сийрэгжих, хөдөлгөөний эрчмийг бууруулахаас гадна Хойд бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгийг Засаг дарга М.Түмэнжаргал шав тавих ёслолын үеэр онцлон хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлдэг эх үүсвэрээс 50,0 тэрбум төгрөгийг хот доторх авто замын засвар, шинэчлэлийн ажилд зарцуулах шийдвэр гаргасан.
Үүний хүрээнд энэ онд аймгийн хэмжээнд нийт 51 байршилд авто замын шинэчлэлт сайжруулалтын ажил хийгдэхээс өнөөдөр ийн VI хорооллын баруун уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүллээ.
Ажлын гүйцэтгэгчээр нийслэлийн “Шилдэг зам” ХХК-шалгарсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард авто замын ажлыг 100 хувь дуусгаж, ашиглалтад оруулна гэлээ.
0 сэтгэгдэл