Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2023 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа. Ингэснээр Орхон аймаг, Эрдэнэт хот гурван жил дараалан Монгол Улсын шилдэг аймгаар шалгарч байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг танилцуулсан.
Орхон аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд бусад аймгаа манлайлан ажиллаж буй.
Энэ хүрээнд Нутгийн удирдлагын ордны нэг давхарт 215 төрлийн төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой Цахим төвийг ашиглалтад оруулсан. Мөн “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 26 багт “Багийн цахим” буланг ажиллуулж эхэлсэн анхны аймаг болсон юм. Түүнчлэн 2023 онд эрүүл мэнд боловсрол, дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийсэн билээ.
Тухайлбал, БОЭТ-д хавдрын Бай эмчилгээ, Дурангийн нэгдсэн тасаг байгуулж шинэ эмчилгээ үйлчилгээг нэвтрүүлснээр III шатлалын эмнэлэг рүү зорчих иргэдийн тоог бууруулсан.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй анхан шатны багуудаа дэмжиж, нэг ижил загвартай цогцолбор барилгыг аймгуудаас анхлан Орхон аймаг ашиглалтад оруулж, Зэст багт “Иргэдэд үйлчлэх багийн нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулсан билээ.
Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотын хүүхэд залуус, өндөр настан хэн бүхэн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн “Номын өргөө” цогцолбор барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж, орон нутагт 15 ажлын байр шинээр бий болсон.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг орон нутагт анх удаа Орхон аймаг амжилттай зохион байгуулсан. Улсын хэмжээний хоёр том спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулснаар аймаг орон нутгаа сурталчилж, хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлсэн билээ.
2023 онд боловсролын салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын ширээ сандлын шинэчлэл байв. Орон нутгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 22 мянга гаруй буюу нийт сурагчийн 92 хувь нь стандартад нийцсэн ширээ сандалтай болсон билээ. Орон нутагт урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль ганц байдаг нь Орхон аймгийн “Уран эгшиг” сургууль юм. 2023 онд орон нутгийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийг сургуулийн өргөтгөл, их засварт зарцуулж, сургалтын орчинг шинэчилсэн.
Түүнчлэн, Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлж байна. Орхон аймаг хотдоо тулгамдаж буй асуудлыг шийдэх, иргэдийнхээ амьдрах таатай орчин нөхцлийг сайжруулах зорилго бүхий “Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ухаалаг хот”, “Чанартай авто замтай хот” , “Ногоон хот”, “Эрүүл, оюунлаг хот” гэсэн зургаан төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайг түшиглэсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засагт үр өгөөжөө өгөх 6 төслийг хэрэгжүүлж буй.
Үүнд, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Үйлдвэрлэл, технологийн парк”, “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор", Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-“Эрдэнэт машин” цогцолбор, “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор" хотхон байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах, “Хаягдлын шинэ сан байгуулах” зэрэг төсөл байна.
Орхон аймаг, Эрдэнэт хотын 106 мянга гаруй иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй төрийн албан хаагчид болон нийт Эрдэнэтчүүдийн шагнал гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо.
0 сэтгэгдэл