Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
С.Гал-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сард гэл бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан хэмээн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Анх уг хэргийг шалгасан мөрдөгч нь цэргийн тэтгэвэрт гарснаар тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъянсүрэнд хэрэг хуваарилагдсан аж. Тэд эртний найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиглан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаж, завааруулах гээд байгаа, ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн талаар эхнэр Сэлэнгэ нь АТГ-т гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гал-Эрдэнээс ахлах дэслэгч О.Жамъянсүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард тус бүр нь нэг сая төгрөг хоёр удаа шилжүүлсэн нь тогтоогджээ. О.Жамъянсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өмнө нь гаргаж байсан ч С.Гал-Эрдэнэ эс зөвшөөрсөн тул ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. С.Гал-Эрдэнийн хувьд О.Жамъянсүрэнг 2019 оноос хойш таньдаг болсон, адууны наймаа хийсэн, мөнгө зээлж байсан тохиолдлууд ч байснаа шүүхэд мэдүүлж байв. Уг хоёр сая төгрөгөө ч наадамд дээгүүр давхисан морины байны хишиг хэмээн зээлдүүлсэн хэмээсэн.
Харин гэрчээр оролцсон Сэлэнгэ шүүхэд үнэнийг гэрчлэхээ хэлээд мэдүүлэхдээ “Тухайн үед нөхөртэйгөө таарамжгүй байснаас үүдэн айлгах гээд АТГ-т гомдол гаргасан. Тэд хоорондоо утсаар юу ярилцсаныг би мэдэхгүй” гэж байлаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалан хэлэлцсэн хурлаас С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноов. Мөн хахуулийн хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Livetv.mn






Зөв шийдэж яс суулгах хэрэтэй
Одоо эхнэр нь нөхөрөөн тэжээж дээ.