Орхон аймагт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар "ББ парк” орон сууцны хороолол 2019 онд ашиглалтад орсон юм. 2016 - 2017 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн Тэргүүн одоогийн Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлаагаар БНСУ-ын 100% хувийн өмчит компанийн зүгээс санхүүжүүлж эхэлсэн түүхтэй. Авто машины зогсоолын давхартайгаа нийлээд таван давхар, зургаан блок, 288 айлын уг орон сууцны хотхон 24 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэж анх тооцоолж байсан бол өдгөө 2 блок 80 айлын орон сууц баригдаж иргэд амьдарч байна. Баригдаж дууссан цагаас эхэлж иргэдийг бухимдуулж асуудал дагуулсан орон сууцуудын нэг болсон. Тус байрны оршин суугчид үе үе аймгийн удирдлагуудад амьдрах орчин, барилгын чанар, хүүхдийн тоглоомын талбай, авто замтай холбоотой асуудлуудыг удаа дараа уламжилсан ч шийдвэрлэгдээгүй таван жилийн нүүрийг үзээд буй. Анх иргэдээс захиалга авахдаа зураг төслийн дагуу ногоон байгууламжтай амьдрахад аятай тухтай орчныг санал болгосон ч бодит байдал дээрээ дээврээс нь ус гоожсон, хүүхдийн тоглоомын талбайгүй, авто замгүй, шороонд дунд оршин суугчид амьдарсаар байна. Төслийг санаачилсан, гүйцэтгэгч компани нь ор сураггүй таг чиг алга болсон сурагтай, аргаа барьсан иргэд горьдлогын мөр гээд шинээр сонгогдсон Засаг даргыг газар дээр нь ирж бодит байдалтай танилцах хүсэлт тавьжээ. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нөхцөл байдлыг холбогдох албаны хүмүүсийн хамт үзэж танилцав. Тэрээр манай аймагт энэ мэтчилэн даварсан компаниуд их байна гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирох ёсгүй. Иймд төр өөрийн хөрөнгөөр зарим ажлыг хийж гарсан төлбөрийг тухайн хотхоныг барьсан гүйцэтгэгч компаниас нэхэмжилнэ гэв. Ямартай ч олон засаг даргын нүүрийг үзэж санал хүсэлтээ хэлж байсны үр дүн гарч оршин суугчид асуудлаа шийдвэрлүүлэхээр боллоо. Улсын комисс нь энэ мэтчилэн барилга байгууламжийг анхнаас хүлээн авахгүй байх нь зүйтэй юм уу учир нь Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хариуцлагагүй компаниудын алдааг засаж, залруулдаг төр болж хувирч байх шиг.






0 сэтгэгдэл