Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын сэтгүүлч, зураглаачдыг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс мэдээ сурвалжилга бэлдэхээр нэвтрэхэд нь “Хэвлэл- Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар” гэх бичээс бүхий нэг ижил загварын хантаазаар хангаж, оруулах болсон шийдвэрийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбараас эсэргүүцэж байгааг мэдэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг дүрмээр хүлээсэн мэргэжлийн байгууллагын хувьд дээрх шийдвэр нь сэтгүүлчийн олон талын эх сурвалжаас тэнцвэртэйгээр мэдээлэх боломжийг хаах, редакцын нийтлэлийн бодлогын хараат бус, бие даасан байдлыг алдагдуулах, хэвлэн нийтлэх агуулгыг нэг хэв загварт оруулах зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр хэмээн үзэж, уг шийдвэрээ эргэж харах, цуцлахыг шаардаж байна.
Нөгөө талаар, төр засгийн байгууллагууд төрийн бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх, мэдээллээ ил тод, нээлттэй өгөх, албан ёсны эх сурвалж болох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчидтэй хамтран ажиллах, тэдний үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ албан хэргийн хурал уулзалтаас мэдээ сурвалжилга бэлтгэх сэтгүүлч, зураглаачдыг албан ёсны ажил хэрэгч хувцаслах, хэт задгай хувцас, зүүлт хэрэглэл ашиглахгүй байх, МСНЭ-ийн гишүүн болон редакцын ажилтны үнэмлэхээ шалгуулах, шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын дотоод дүрмийг баримтлан бүртгүүлэх зэрэг нэвтрэх журмыг мөрдөж, харилцан хүндэтгэлтэй ажиллах арга хэлбэрийг санууланхэрэгжүүлэх олон гарц, шийдэл байдгийг энэ дашрамд сануулъя. Түүнчлэн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн онцлог, нийтлэлийн бодлогын өнгө төрх, агуулга санааг илэрхийлсэн өнгө бүхий лого тэмдгийг камер, микрофон, дуу хураагч зэрэг дүрс бичлэгийн багаж хэрэгсэл, ажлын хувцсанд байршуулсан байдаг тул тухайн редакцыг таних, ялгах гол хэмжүүр болдог. Энэ нь Монгол улс төдийгүй олон улсад ч мөрдөн хэрэгжүүлж буй нийтлэг жишиг юм.
Иймд та бүхэн олон нийтийн мэдэх эрхийг хангах, үнэн бодитой мэдээ мэдээллийг анхдагч эх сурвалжаас бэлтгэхийн төлөө хэзээ ч хаана ч нэвтрэн, бэлэн байх үүрэгтэй сэтгүүлчдийн мэргэжлийн онцлог болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зохисгүй шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн
Орхон аймаг дахь салбарын Удирдах зөвлөл
2025 оны 6 дугаар сарын 09






0 сэтгэгдэл