Энэ онд Орхон аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 57 гэрээний хүрээнд 43 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэж байна. Үүний 34 нь он дамжсан, 23 нь шинээр хийгдэж буй авто замын ажил юм. Гэвч зарим гүйцэтгэгч компаниуд гэрээний үүргээ хангалттай биелүүлэхгүй иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тодруулбал: Баян-Өндөр сумын VI хорооллын уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажилд “Шилдэг зам” ХХК шалгарч, өнгөрсөн оны тавдугаар сарын 8-наас эхлэн 149 хоногийн хугацаанд буюу 2024 оны аравдугаар сарын 11 хүртэл дуусгах гэрээ байгуулсан байна. Тухайн компани гэрээ сунгах хүсэлтээ захиалагч талд ирүүлж 2025 оны 7 дугаар сарын 1 хүртэл гэрээг сунгасан. Гэвч гэрээний хугацаанд ажлаа бүрэн дуусгаж чадалгүй, захиалагч талаас хугацаа сунгаж өгсөн ч ажлын явц удааширч, үр дүн гараагүй тул энэ сарын 1-нээс гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Тэгвэл дахин нэг сарын хугацаатай гэрээг сунгахаар болсон талаар мэдээллээ.
Тухайн компани 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 5,1 тэрбумыг авсан ч ажлынхаа ердөө 40 гаруй хувийг 2 жилийн хугацаанд гүйцэтгэжээ. “Шилдэг зам” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, алдангийг нэхэмжилж шүүхэд хандаад байна. “Шилдэг зам” ХХК нь 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 12 хүртэл тухайн авто замыг бүрэн хааж, үлдсэн хоёр үеийн асфальтыг хучиж дуусгахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Уг зам нь иргэдийн өдөр тутам зорчдог, хамгийн их ачаалалтай хэсэг бөгөөд хаагдсанаар Орхон аймагт түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Иргэдийн зүгээс гэрээний дагуу ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэггүй компаниудыг хар жагсаалтад оруулж, гэрээг цуцлан дахин тендер зарлах шаардлагыг удаа дараа тавьж байгаа хэдий ч аймаг, орон нутгийн зүгээс дахин нэг сарын хугацаа өгчээ. Хоёр жил дамнан хийгдээгүй замын бүтээн байгуулалт ганцхан сарын дотор бүрэн дуусаж, ашиглалтад орох эсэхэд Орхон аймгийн иргэд эргэлзэж байна.






0 сэтгэгдэл