Орхон аймгийн 6-р хорооллын 6-17 дугаар байр нь 2014 онд ашиглалтад орсон, 12 давхар, 2 блок бүхий 120 айлын орон сууц юм. Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын иргэдтэй хийх уулзалтын үеэр Согоот багийн иргэн н.Мөнхсайхан тус байртай холбоотой тулгамдаж буй асуудал, саналыг илэрхийллээ. Тэрээр 6-17 дугаар байр анхнаасаа олон асуудал дагуулж ирсэн. Дээврийн асуудлыг оршин суугчид гарын үсэг цуглуулан шийдвэрлүүлж байсан бол өнөөдөр лифт хамгийн ноцтой асуудал болоод байна. Лифт гэдэг бол хүний амь нас яригдах зүйл. Өнгөрсөн 5 дахь өдөр буюу энэ сарын 16-нд 6 давхраас лифт унаж, дотор нь зорчиж явсан 5 хүн хөнгөн бэртэл авсан. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил явагдаж байна хэмээн онцолсон юм. Тус байр нь нийт 4 лифттэй боловч 2 нь бүрэн ажиллагаагүй, 2 лифтний нэг нь унаж эвдэрснээр одоогоор 120 айл өрх ганц лифтээр зорчиж байна. 12 давхар уг байранд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон амьдардаг бөгөөд оршин суугчид, СӨХ-тойгоо хамтран лифтэнд сар бүр 250–300 мянган төгрөгийн засвар, тохируулгын зардал гаргадаг ч аюулгүй байдал хангагдахгүй хэвээр байгааг иргэн хэллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн зүгээс нэг лифтийг шинээр солих ажлыг хийхээ илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд Орхон аймагт барилгажилт эрчимтэй нэмэгдэж, 9 ба түүнээс дээш давхар барилгууд олноор баригдаж, бүгд лифттэй болсон. Лифт нь байнгын хяналт, тогтмол засвар үйлчилгээ шаарддаг, иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой тоног төхөөрөмж учраас шинээр ашиглалтад орж буй барилгуудын хяналт шалгалтыг нэг шат ахиулах шаардлага тулгарч байна. Ашиглалтад ороод барилгуудад ийм ноцтой асуудал гарч, орон нутгийн төсвөөр дахин дахин засвар, лифт солих ажил хийх нь зохистой эсэх, мөн барилга барьж ашиглалтад оруулж буй компаниудын хариуцлага, хяналтыг чангатгаж, иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах нь нэн шаардлагатай байгааг энэхүү асуудал тод харуулж байна.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл