Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинаа алдаршуулах залуу үеийн залгамж халааг бэлтгэх, өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж байгаа чөлөөт бөхийн өсвөрийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймаг Эрдэнэт хотноо болно.
Энэ удаагийн чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Орхон аймгийн анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Тэмцээн гуравдугаар сарын 22-оос гурван өдрийн турш Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолборт болно. 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөнө.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Орхон аймгийн ИТХ, ЗДТГ ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчаар Орхон аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран ажиллаж байна.
0 сэтгэгдэл