Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам Орхон аймгийн хүчит 128 бөхийн барилдаанд амжилт болж наадамчин олноо баясгалаа. Орхон аймгийн удирдлагууд Шөвгийн 4 бөхчүүд болон өсвөрийн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Энэ жилийн түрүү бөхөөр Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Нэгдэл" клубийн бөх, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн заан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ долоон давж түрүүлэн, АЙМГИЙН АРСЛАН ЦОЛ хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Үзүүр бөхөөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Хантайшир" дэвжээний бөх, аймгийн начин Тайванбаатарын Мөнх-Ирээдүй үзүүрлэн, АЙМГИЙН ЗААН ЦОЛ хүртлээ.
Наадмын талбайд өрнөсөн энэхүү хүчит барилдаан нь уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, түмэн олны сэтгэлийг хөдөлгөсөн торгон мөчүүдээр дүүрэн байлаа. Түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүдийн гарын хөдөлгөөн, барилдааны уран мэх бүр нь тэдний хичээл зүтгэл, бэлтгэлийн үр шимийг илтгэж байсан юм. Үндэсний бөхийн гал дэвжээнүүдийн хөгжлийг илтгэх энэ барилдаанд орон нутгийн залуу хүчтэнүүдийн чансаа, ирээдүйн итгэл найдвар тодорч байгаад олны талархал хүлээлээ.
Бөхчүүдийн амжилтыг алдаршуулж, нутгийн зон олны талархлыг илэрхийлэн аймгийн удирдлагууд гарын бэлэг, хүндэтгэл үзүүлсэн нь баяр наадмын үнэ цэнийг улам тодотгосон юм.






0 сэтгэгдэл