Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр, Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Хуралд Зөвлөлийн гишүүн Ч.Болор-Эрдэнэ, Ц.Оргилболд, Э.Ариун-Эрдэнэ нар оролцлоо.
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 18/04 дүгээр тогтоолоор Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөрийг
- Байгаль орчны хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх
- Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх
- Цагаан тоосны тархалтын бүсэд үзүүлэх, нөлөөллийг бууруулах, арга хэмжээ авах
- Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулах зорилтуудын хүрээнд 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-аас Хаягдлын аж ахуйд хуурайшилттай талбайг багасгах зорилгоор хаягдал булингаар болон усаар норгох, тусгай зориулалтын техник, төхөөрөмж ашиглан дарагч урвалж цацаж тоосны дэгдэлтийг бууруулах, бороожуулах зорилгоор усан хангамжийн систем суурилуулах зэрэг технологийн ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, Цагаан тоосны дэгдэлтийн тоо, зүг чиг, хэмжээ, үргэлжилсэн цаг хугацаанд тогтмол мониторинг хийж ажиллаж байгаа ажээ. 2024 онд Хаягдлын аж ахуйд байрлуулсан суурин 2 харуул, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчны лабораторийн хяналтаар 30 удаа цагаан тоос дэгдсэн гэж бүртгэгдсэн бөгөөд агаар, ус, хөрсний чанарын хяналтыг үйлдвэрийн бүс, хаягдлын сан, нөлөөллийн бүст хийж, дээж авч хяналт тавьж байна. Хяналтаар Монгол улсын агаар, ус, хөрсний бохирдуулагчийн стандартын дээд хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй гарсан гэдгийг хөтөлбөрийн тайланд дурдаж байна.
Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах ажлын хэсэг” байгуулагдаж, үзлэгийг 2024.02.01-2024.05.03-ны өдрүүдэд хийж, цагаан тоосны нөлөөллийн бүсийн 1866, нөлөөллийн бус бүсийн 139 иргэн, нийт 2005 иргэнийг хамруулсан аж. Зөвлөлийн гишүүдээс жил бүр тогтмол 2500 иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахад анхаарах шаардлагатай талаар саналаа илэрхийллээ.
Тус хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Шинэ хаягдлын санг байгуулах ажил туссан бөгөөд олон улсын томоохон далангуудын стандартад нийцүүлэн барьж байгуулахаар төлөвлөж, Австрали улсын “ATC Williams” Pty Ltd байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ талаарх мэдээллийг нэмэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Отгон танилцууллаа. Шинэ хаягдлын санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048 га талбайг бөгөөд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хурааснаар Цагаан тоосны дэгдэлтийг 60-70 хувиар бууруулах боломжтой юм.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн тарьж ургуулсан хүнсний ногооны борлуулалтыг дэмжиж 437.3 төгрөгийн худалдан авалтыг хийжээ. Түүнчлэн нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор цонхонд шүүлтүүр суурилуулах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсэгт ойн зурвас, төгөл байгуулах, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлыг багийн иргэдийн нийтийн хурал, иргэний нийгмийн байгууллагуудад тайлагнаж ажилласан гэдгийг зөвлөлийн хуралд танилцууллаа.






0 сэтгэгдэл