Монгол Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулах талаараа хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсан. Бидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгч, манай улсад ирж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан төр, засгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасан. Харин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариу бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос шаардлага мэдэгдэл ирж байгаа” гэсэн юм.
МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “Тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Бид өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн ЮНЕСКО-гийн уриан дор тэмдэглэдэг байсан. Харин энэ жил дотоодын нөхцөл байдалдаа тулгуурлан асуудал хөндөж, хууль зүйн орчныхоо хүрээнд ямар асуудалтай тулгарсан бэ, яагаад хэвлэл мэдээллийн салбарынхан асуудалтай тулгарч байгаа вэ гэсэн асуудалд анхаарч ажиллах тухай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна. “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4500 гаруй хүний эрх ашиг, Монгол Улсын гурван сая гаруй иргэний мэдэх эрх ашгийг хамгаалахыг зорьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид өөрсдийн эрх зүйн орчноо хөсөр хаяж иржээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүнийг хамгаалдаг хууль, эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, зураглаачийн биед халдчихдаг, камер, техникийг эвдчихдэг явдал бий. Харин гомдол гаргаад явахаар зураглаачийн биед халдсаныг хамгаалах хууль, эрх зүйн орчин байдаггүй. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн алба хаагчийн биед ямар байдлаар хүрэх төдийд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр салбарт ийм эрх зүй, хуулийн орчин үйлчилж байхад манай салбарт үгүй байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга байгаад анхаар ёстой байна” гэв.
0 сэтгэгдэл