Дэлхий байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран Зэрлэг амьтдын нүүдэл, шийдэл хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж, төрийн байгууллагын мэргэжилтнүүд зам тээврийн салбарын хувийн хэвшлийнхныг оролцуулсан цуврал уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж идэвхтэй ажилласны үр, дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг баталлаа. Энэ чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм. Шинээр батлагдсан стандартын онцлог нь төмөр зам, хурдны замд хориг хашаагөргөсгүй хийхээр заажээ. Энэ нь нүүдлийн олон мянганамьтдыг өргөст хашаанд өртөх эрсдэлийг бууруулах юм.
Стандартын 5.2-д, Хориг хашаа нь тухайн зүйл мал, зэрлэг амьтдын зан төрх, морфологийн онцлогт тохирсон, тэдгээрт аюул, осол гэмтэл учруулахгүй байх хэмжээ, хийц, загвар, материалтай байна гэсэн бол 5.3-д, Хориг хашааны байршил болон уртыг тодорхойлохдоо амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, газарзүйн байршил, газар нутгийн онцлог, амьтдын улирлын чанартай нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэргийг харгалзсан байна гэж заажээ. Мөн хориг хашаа нь ган утас, торон хийцтэй байх ёстой юм.
Хашаа ямар байхыг ч тодорхой заасан байна. Тодруулбал, Хориг хашаа нийт 5 эгнээнээс багагүй хөндлөн утастай байх бөгөөд Хөндлөн 1 дүгээр утаснаас дээш 4 дүгээр утас хүртэл битүү торлон, сайтар чангалж, татан бэхлэх ажээ. Хориг хашааны дээд, доод талын хөндлөн утасны нийт голчийн хэмжээ нь 8 мм-ээс багагүй байх бөгөөд цагаан өнгийн винил эсхүл гэрэл ойлгодог материалаар бүрж, үзэгдэх байдлыг нэмэгдүүлсэн байна. Мөн Хориг хашааны дээгүүр зэрлэг амьтдын саад багатай харайх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гөлгөр байхаар стандартад тусгажээ.
Стандартыг батлуулахад Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон Төмөр зам, далайн тээврийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуучлалын яамны мэргэжилтнүүд идэвхи зүтгэлтэй оролцсон юм. Хэдхэн хоногийн өмнө батлагдсан энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай, илүү ээлтэй төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой билээ.
0 сэтгэгдэл