Үндэсний номын баярын араас шинэ ном бүтээлүүд хэвлэгдэж буй нь уншигчдын унших, таашаах мэдрэхүй мөнхийн эрэл дунд байгааг илтгэмээр. Тэгвэл "Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн доорх бүтээлүүд хэвлэгдэн уншигчдын гарт хүрч эхэллээ.
1. Эхнийх нь "Хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын тэргүүн байрын эзэн, Г.Сэр-Одын шагналт, Гүн утга уран бүтээлийн нэгдлийн тэргүүн, найруулагч, жүжгийн зохиолч, яруу найрагч Т.Амар-Амгалангийн "Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд" (2024) яруу найргийн ном юм. Тус түүвэр нь "Гүн утга" уран бүтээлийн нэгдлээс уншигчиддаа барьж буй уран зохиолын "ҮҮДЭЛ" цувралын үргэлжлэл ажээ. Тус нэгдэл үргэлжилсэн үг, жүжгийн зохиол, орчуулга, яруу найргийн төрлүүдээр нийт 11 номыг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онуудад нийт 8 ном гарсан бол "Үүдэл"-ийн 9 дэх цуврал болж "Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд" ном хэвлэгджээ.
Зэвд идэгдсэн эрэг боолт
Зүлгүүрт дулаацах мэт
Сэтгэл минь, шувуухай минь Өдөө бас л сэргээх гэж ядна уу
Бургилсан утаа
Уурын зуухнаас зовонгуй дээш сугарах шиг,
Бусдын нөлөөгүйгээр
Гуниглах яасан сайхан юм бэ
Цардмал зам дээр ч тэр,
Элсэрхэг, нүүрслэг, шороот, гудамжнаа ч
Өлмий дээрээ алхахад Амьдрал
Агаар мэт шингэн ахуй
Ахиад би бэрхийг улам хүснэ.
"Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд" номын 76-р тал.
Сэтгэц хуваагдах өвчтэй гэх оношийг эхнэр маань над тавьсан,
Сэрүүлэг шиг энэ онош цагаа олсон гэж боддог!
Цагаа олох ч гэж дээ,улаан цайм, сайн нуусан маань л...
Цагийн эрхээр тодорч буй нь ЭНЭ.
"Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд" номын 42-р тал.
2. Дараагийн ном нь мөн яруу найрагч Т.Амар-Амгалангийн "Хуучин байшингийн үг" (2024) шүлгийн ном. Тэрээр "Хаврын будда" (2017), утга зохиол судлаач, зохиолч, яруу найрагч П.Батхуяг агсны хамтаар "Жиннн, Цэннн" (2021) яруу найргийн түүврээ хэвлүүлж байв. Харин "Хуучин байшингийн үг" бүтээлээ өөрийн багш П.Батхуягийн гэгээн дурсгалд зориулсан ажээ. Тус түүврийн өмнөтгөлд, яруу найрагч Б.Одгэрэл "...хосгүй туршлага, бүтээгчийн нийтлэг бус зам мөр гаргажээ..." хэмээн түүний шүлгүүдийг дүгнэсэн байна.
* БУРХАН Зургууд дундаас инээмсэглэж авахуулсан нэг хүн байдаг шиг Тэр хүний гэгээ сэтгэлд тусдаг шиг Таа хаа сайгүй оршном.
"Хуучин байшингийн үг" номын 83-р тал.
*Харандааны үзүүр дуусахаас өмнө
Хавар дуусчих гээд Харандаагаа үзүүрлэчих гэхлээр
Хагд үгс байраа олохгүй догол үүсгэчих гээд
Ханьгүй хүн тэнгэр ширтэж
Хархан нүдэнд нь ангир живчих гээд
Хатуу ч юм шиг, хахир ч юм шиг
Хаалганы өргөс зөөлөрч мэдэх
Ханш нээсэн, эцгийгээ санасан
Халтар бэл сульдаа хонгортой
Хавраар Харандаагаа үзүүрлэхээс Хайран...
"Хуучин байшингийн үг" номын 60-р тал.
3. Харин гурав дахь шинэ номын эзэн бол утга зохиолын шилдэг бүтээлийн "Алтан-Өд" болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Буддын гүн ухаан судлаач, "Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн гишүүн Н.Мөнхбаярын "Зүүдэн дэх эрх чөлөө" (2024) шүлгийн түүвэр юм. Тэрээр "Зэрэглээн дундаас торолзогч" (2011), "Салхины амт" (2012), "Жинхэнээсээ ус уумаар байна" (2013), "Дотоод цуурай" (2015), "Буддист шүлгүүд" (2017) зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн уран бүтээлч билээ.
* Сайхан ганцаардаж суумаар орчлон,
Сарны дор нь гуниглахад мөн ч янзтай,
Тэгтэл бас амраг нөхөдтэйгээ дарвиж
Тэврэлдэн хөгжилдөхөд тааламжтайг яана.
Зовлон, жаргалын аль алинд
Зохиж байх нь ид шидийн орчлон.
Сайхь орчлонгийн хаана нь баясаж, хаана нь гуниглавал
Садан нөхдийн дунд хэзээ дуулж, хэзээ уйлвал
Хамгийн зохимжтой болохыг анзаарахгүй өнгөрөөх л Харамсалтай.
Хайран жаргал, хайран гуниг Хайгаад олдохгүй сар, хайхарч урсгаагүй нулимс.
"Зүүдэн дэх эрх чөлөө" номын 54-р тал.
* УЛААН УУЛ
Тээр талд нэг бичил улаан уул
Тэнгэрт тэмүүлж шовхроод зуун жил боллоо
Эндээс би түүнийг ширтэхгүй байж чадахгүй
Эхээс төрөхөөс л харуулдаж шаналлаа.
Ай, яасан энэлэнт уул...
Тэр уулын нутгаас ирсэн эрлийн хүн
Тэмээ унаж алчуур ороосон ганц эмэгтэй
Тэнгэрээс унасан мэт нэн бишүүрхэнгүй
Тэгээд хэлгүй мэт дуугүй. Ай, яасан энэлэнт уул...
Зүсээ гандтал сураггүй эрэлд одсон З
үүдэн мэт ер бусын хүүхэн.
Зүүдэн мэт ер бусын хүүхэн нь Хүйтэн мэт улаан уулын хүн. Ай, яасан энэлэнт уул...
"Зүүдэн дэх эрх чөлөө" номын 13-р тал.
0 сэтгэгдэл