Цагаанчулуут баг (Найрамдал баг)-ийн 49-53 дугаар гудамж, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Нийт 11,9га талбайд хэсэгчилсэн төлөвлөлт хийж инженерийн бүрэн хангамжтай, тохилог орон сууцны хороолол бий болгоно. Үүнд: 320 хүүхдийн хүчин чадалтай хоёр цэцэрлэг, 1200 хүүхдийн багтаамжтай нэг сургууль, худалдаа үйлчилгээний зориулалттай зургаан барилга, төрийн үйлчилгээний нэгдсэн байр, 16 давхар хүртлэх 11 блок орон сууц төлөвлөгдсөн. Мөн 1 хүнд ногдох ногоон байгууламжийг 6-7 метр квадрат байхаар тооцоолсон бөгөөд нийт талбайн 25% нь ногоон байгууламж байхаараа онцлогтой.Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар тухайн байршлын нийт 113 нэгж талбарын эзэмшигч, өмчлөгчдийн эрүүл аюулгүй орчин нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн, төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах зэрэг үе шаттай ажлууд хийгдэх бүрэн боломжтой боллоо. Төслийг хуулийн хүрээнд гурван үе шаттайгаар 2045 он хүртэл төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг нь 503,9 тэрбум төгрөг байхаар тооцоолол гарсан. Үүнээс инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг төр өөрийн эрх үүргийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. Энэ нь нийт төсвийн 9 хувь байхаар тооцоолол гарсан. Хуулийн хүрээнд 2045 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн хэдий ч орон нутгийн зүгээс боломжит хугацаанд төслийг хэрэгжүүлэх бүрэн төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах ажлуудыг 2-3 жилийн хугацаанд төлөвлөн хэрэгжүүлнэ. Харин 91 хувийн хөрөнгө оруулалтыг барилгажилтын төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар явуулна. Тодруулбал: орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ төслийг хурдан хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор жижиглэсэн төсөл хэлбэрээр зарлахаар ажлын даалгавар боловсруулж байна. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг “Инженер геодези” ХХК нь “Алсын хараа-2050”, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Хот байгуулалтын тухай” хууль болон бусад холбогдох норм дүрэм журмын дагуу боловсруулж мэргэжлийн байгууллагуудаар хянуулж зураг төсөв магадлалаар баталгаажуулсан юм.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл