Дарханы замыг дуусгаж чадахгүй Монгол Улсын хөгжил найман жил гацаж байсантай адил хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэхэд хотын төвд хоёрхон км автозамын ажлыг гацааж байгаа “Шилдэг Зам” ХХК-ийг Орхон аймгийнхан дийлэхгүй байна. Өнөөдөр тус компанийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд өгсөн ч шүүх дээр уг асуудал ямархуу явцтай байгаа нь бүрхэг хэвээр. “Шилдэг зам” ХХК нийт 13.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хоёр автозамын тендер авч хэрэгжүүлсэн ч өнөөдрийн байдлаар эдгээр ажлууд бүрэн дуусаагүй, иргэдэд хүндрэл, бухимдал үүсгэсээр байна. Согоот багийн 6-р хорооллын баруун уулзвараас Их залуу баг хүртэлх А1002 улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил гэрээний хугацаанд ашиглалтад оруулаагүй нь 50 жилийн ойн өмнөх томхон гацаа болоод байна. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс гэрээг цуцлах санал гаргасан.
Энэхүү асуудлыг гацааж буйд дараах эргэлзээтэй асуултууд гарч байна. Тодруулбал: Аймгийн ЗДТГ-ыг төлөөлөн шүүхэд оролцож буй Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр нь энэ замын тендерийн Үнэлгээний хороонд ажиллаж, уг компанийг шалгаруулахад оролцсон гэх. Ийм тохиолдолд энэ албан тушаалтан шүүх дээр төрийг төлөөлөх хууль эрх зүйн үндэслэлтэй юу?
Мөн автозамын ажил нэг иргэнээс болж удааширсан гэх тайлбар бий. Тухайн иргэн нь Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие төлөөлөгчөөр ажиллаж буй Д.Энхзориг гэх мэдээлэл юм. Иргэн ямар шалтгаанаар замын ажилд саад учруулсан бэ?.
Эдгээрийн зэрэгцээ уг төслийн хөндлөнгийн хяналтыг хангалттай хэрэгжүүлсэн үү? Гэрээнд заасан хяналт, хариуцлагын механизм бодитоор ажилласан эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар компанийн удирдлагатай холбоотой этгээд шүүхийн байгууллагад ажилладаг гэх яриа буй нь олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлж байна.
Албаныханы зүгээс ОЙРЫН ХУГАЦААНД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРНА гэх хариуг удаа дараа өгч байгаа ч бодит үр дүн, тодорхой шийдэл харагдахгүй байна. Зуны сар зургаа биш нэг л мэдэхэд нэвсийсэн цас орчихсон “Шилдэг зам” ХХК-ийн “шилдэг зам” ашиглалтад ороогүй байх вий дээ. Ердөө хоёр км автозамыг хэдэн жил дамнуулан барьж байгаа нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна. Иймд холбогдох байгууллагууд асуудалд бодитой, ил тод хандаж, тайлбар мэдээллээ тодорхой өгч, хариуцлага тооцох шаардлага үүсээд байна. Ярих биш, бодит ажил, гүйцэтгэлийг хүлээж байна.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл