2022-2023 онд “Цахим Эрдэнэт”, “E-Pass” зэрэг төслүүдийг Эрдэнэт хотын нийтийн тээврийг бүрэн цахимжуулна, төлбөр тооцоог технологид суурилсан системд шилжүүлнэ, иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ хэмээн танилцуулж байсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр нийтийн тээврийн автобусанд жолооч нар өөрсдөө иргэдээс бэлэн мөнгө авч, хариулт өгч, давхар кондукторын үүрэг гүйцэтгэсээр байна.Өмнө нь кондуктор гэх тусдаа ажилтан байсан бол цахим систем нэвтрүүлнэ гэсэн шалтгаанаар орон тоог нь цөөрүүлсэн атлаа шинэ систем нь бүрэн хэрэгжээгүй бололтой. Ингэснээр жолооч нарын үндсэн үүрэг болох зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал төвлөрүүлэн тээвэрлэх ажил дээр нэмээд мөнгө хураах, тооцоо хийх ачаалал давхар үүсжээ.
Энэ нь нэг талаасаа цахимжуулалт нэртэй төсөл цаасан дээр үлдсэний илрэл мэт. Нөгөө талаасаа жолооч нарыг хоёр хүний ажил давхар хийдэг болгожээ. Жолооч хүн замын хөдөлгөөндөө төвлөрөх ёстой байтал мөнгө тоолж, зорчигч бүртэй харьцаж явах нь аюулгүй байдлын хувьд ч эрсдэлтэй асуудал.
Хамгийн гол нь “ухаалаг хот”, “цахим шилжилт” гэх гоё нэртэй олон төсөл танилцуулдаг ч бодит хэрэгжилт дээрээ иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрахгүй байгаа нь асуудал юм. Хэрэв E-Pass үнэхээр хэрэгжсэн бол өнөөдөр автобусанд бэлэн мөнгө эргэлдэхгүй, жолооч кондукторын ажил хавсарч хийхгүй байх ёстой байсан.Төсөл эхлүүлэхээс илүүтэй эхлүүлсэн ажлаа дуусгаж, бодит үр дүн гаргах нь л иргэдэд хэрэгтэй юм сан.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл